Аз жаргал... : Бие даалт гэж юу вэ?

Бие даалт гэж юу вэ?

Оюутны бие даах ажил гэдэг нь нэг талаас сургалтын стандарт, хөтөлбөр нөгөөтэйгүүр оюутны сонирхол, чадавхи зэргийг харгалзсан хичээлийн болон хичээлийн бус цагаар багшийн шууд бус удирдлага дор явагддаг оюутны бие дааж суралцах бүтээлч үйл ажиллагаа.

Өнөө үед оюутанд бие дааж суралцах арга барил, чадвар, дадал эзэмшүүлэх нь сургалтын гол зорилго болоод байна. Энэхүү зорилт нь мөн оюутны бие даалтын ажлын үндсэн зорилт болж оюутанд сурах олон үйл, үйлдлийг бие дааж хийх арга барил эзэмшүүлэх хэрэгтэй гэдгийг илэрхийлнэ.

Оюутны бие даалтын ажил ямар ач холбогдолтой вэ? Гэвэл: оюутан лекц, семинарын хичээлийн явцад бүрэн эзэмшээгүй зүйлээ бүрэн гүйцэд өөрийн болгох, мэдлэгээ гүнзгийрүүлэх, өргөжүүлэх, авъяас чадавхаа нээн хөгжүүлэх, бие дааж сэтгэн бодох, өөрийнхөө үйл ажиллагааг зохион байгуулах, төлөвлөх, хянан жолоодох, бие дааж оновчтой шийдвэр гаргах, дүгнэлт хийх, зөрчилт байдлаас гарах арга барил эзэмших, хариуцлагатай байх, бусадтай хамтрах, цаг барих зэрэг олон талын арга барил эзэмших давуу талтай.

Улирлын эхэнд багш болгон заадаг хичээлийнхээ хүрээнд оюутнуудаар бие даалгаж хийлгэх ажлын зорилго, тоо, төрлийг урьдчилан боловсруулж тэдэнд танилцуулан эдгээрийг яаж хийх заавар зөвлөгөө, ашиглах ном, бусад хэрэглэгдэхүүн, тавигдах шаардлага, оюутан багшид бие дааж хийсэн ажлаа хэдийд өгөх хугацаа /сар, өдөр/, оюутны бие даалтын ажлын явц, гүйцэтгэл зэргийг яаж хянан туслах талаар багш дэлгэрэнгүй бөгөөд тодорхой мэдээлэл өгөх хэрэгтэй.

Оюутны бие даалтын ажлыг хичээлийн бус цагаар хянан туслах нь багшаас болон оюутнаас их цаг хугацаа шаардах тул оюутны бие дааж хийсэн зарим зүйлийг семинарын хичээл дээр хэлэлцэхээр төлөвлөх нь зүйтэй. Ингэхдээ оюутны ачаалал улирлын турш жигд байхаар төлөвлөн зохион байгуулах хэрэгтэй.

Оюутны бие даалтын ажил нь:

1. Оюутны заавал хийх ажлын сэдэв

2. Оюутны сонгож хийх ажлын сэдэв

3. Оюутан өөрөө сонирхсон сэдвээ дэвшүүлж судлах гэсэн хэлбэртэй байж болно.

Оюутны бие даалтын ажлын сэдэв нь тэдний ирээдүйн ажилд хэрэг болох тийм практик, тулгамдсан /нэн чухал/ асуудал байвал түүнийг оюутан одоо судласнаар сургуулиа төгсөөд тийм асуудалтай тулгарахад тодорхой хэмжээгээр шийдвэрлэх чадвартай болох талаар харгалзан боловсруулах нь зүйтэй. Сэдэв бүрийн эцэст: оюутан бие дааж энгийн ажиглалт хийх, шаардлагатай ном, сэтгүүл уншиж тэмдэглэл хөтлөх, зохих хүмүүсээс ярилцлага, асуулга авах, төрөл бүрийн бүтээлч асуулт, даалгавар өгөх, асуулт, төлөвлөгөө, бодлого зэргийг зохиох, тодорхой юмс үзэгдэлд анализ хийх, орчуулга хийх, интернет ашиглан мэдээлэл олох ажлыг ганцаар бие даан хийх, 2-3-аар хамтрах, 4-5 хүнтэй багаар ажиллаж гүйцэтгэхээр тусгаж болно.

Оюутны бие даалтын ажлыг 3 түвшинд хуваан үздэг. Үүнд:

1. Сэргээн хуулбарлах: энэ түвшний бие даасан ажлын зорилт нь оюутны мэдлэгийг бататгаж улмаар түүнд чадвар, дадал төлөвшүүлэх явдал. Энэ тохиолдолд оюутан бэлэн загвар ашиглаж сурах үйлийг хийнэ. Ийм төрлийн бие даалтын ажлын мөн чанар нь мэдлэгийг таних, ухамсарлах, тогтоох үйл ажиллагаа гүйцэтгэхэд чиглэнэ. Үүнд: даалгавар, дасгал гүйцэтгэх, бодлого бодох, мэдээлэл хийх, хүснэгт хийх, график зурах гэх мэт ажил багтана.

2. Өөрчлөн хувиргах: энэ түвшний бие даасан ажлын зорилт бол оюутанд мэдлэгээ өөр нөхцөлд шилжүүлэн хэрэглэх арга барил, чадвар олгох явдал юм. Үүний тулд оюутнаар уншсан зүйлийн төлөвлөгөө зохиохоос эхлээд тодорхой асуудлаар өөрийн санаа бодлоо найруулан бичих ажлуудыг хийлгэж болно. Тухайлбал: оюутан эссэ бичих, бодлого зохиох, реферат бичих, илтгэл бичих гэх мэт.

3. Бүтээлч: энэ түвшний оюутны бие даалтын ажлын зорилт бол оюутанд тодорхой үзэгдэл, асуудал, нөхцөл гэх зэрэгт тодорхойлолт өгөх, асуудлыг шийдвэрлэх арга зам, хэрэглэгдэхүүн зэргийг бие дааж сонгож авах, шинэ мэдлэг бүтээж бий болгох гэх зэрэг арга барилыг олгох явдал юм. Үүний тулд оюутнаар шийдвэрлэх асуудлыг олуулах, түүнийг хэрхэн шийдэх талаар эрэл хайгуул хийлгэх, төсөл боловсруулах ба судалгаа хийлгэх, судалгааны материалд боловсруулалт хийлгэх, тайлан бичиж хамгаалуулах, ангийн ажил болон дипломын ажил хийлгэх гэх мэт байна.

Улирлын явцад эдгээр 3 түвшний ажлууд хослож байхаар оюутны бие даалтын ажлыг төлөвлөн хэрэгжүүлэх нь чухал.

Мөн тэнхимийн багш нар оюутны бие даасан ажлыг хянах, зөвлөн туслах зориулалтаар “Оюутны бие даасан ажлын график” гарган мөрдөж ажиллах нь оюутны ачааллыг улирлын эцэст хэт ихэсгэхгүй жигд байлгах боломжтой болгодог. Оюутны бие даалтын ажлыг зохион байгуулах нь багш бүр өөрийн нөхцөл боломж, суралцагчдын мэргэжил, хэрэгцээ, чадвар зэргийг харгалзан бүтээлч, уян хатан хандахыг шаардана.

Оюутны бие даалтын маш олон төрлүүд байж болно. Тухайлбал: оюутан мэдээлэл хайх, эсээ бичих, санал, зөвлөмж боловсруулах, төслийн ажил гүйцэтгэх, түүний тайланг бичиж хамгаалах, ярилцлага, хэлэлцүүлэг хийх, маргаанд оролцох, илтгэл, реферат, ангийн ажил, дипломын ажил бичиж хамгаалах гэх мэт байна. Эдгээрээс багш оюутнууд чухам аль нь тухайн нөхцөлд илүү тохирохыг өөрсдөө сонгон авч хослуулан хэрэглэх хэрэгтэй.

Оюутны бие даалтын ажил нь бүтцийн хувьд оршил, үндсэн хэсэг, дүгнэлт, хавсралт, ашигласан ном зохиолын жагсаалт гэх зэргээс бүрдэнэ.

Оршил хэсэгт оюутан энэ асуудлыг яагаад сонгож авсан үндэслэл, түүний онолын болон практик ач холбогдол, дэвшүүлж ажиллах зорилт, ямар арга, аргазүйг хэрэглэсэн зэргээ тодорхой бичнэ.

Үндсэн хэсэгт асуудлын мөн чанарыг гаргах, тулгуур ухагдахууны утга санаа, асуудлын судлагдсан байдлыг тоймлон гаргах, түүнд дүн шинжилгээ хийх, асуудлын бүтэц, төрөл, хэлбэр, уг асуудал амьдрал практикт ямар байгааг судалж дүн шинжилгээ хийсэн байх, ололттой болон шүүмжлэлттэй ямар зүйлс байгаа зэргийг бүрэн тусгана.

Дүгнэлт гэсэн хэсэгт дэвшүүлсэн зорилтыг хэрхэн шийдсэн, анхаарууштай асуудлыг судлан шийдэх явцад шинээр юу олж тогтоосон, цаашид яах талаар тодорхой саналууд зэргийг тусгана.

Оюутны бие даалтын ажлын чанарыг дээшлүүлэхийн тулд багш нар тухайн бие даасан ажилд тавих шаардлагыг урьдчилан боловсруулж өгөх нь үр дүнтэй. Тухайлбал:

Эсээ бол тодорхой нэг асуудлаар бичигч өөрийнхөө санаа бодлыг бичгээр илэрхийлэх боломж бүхий жижиг хэмжээний үргэлжилсэн үгийн бүтээл юм. Эсээнд тавигдах нийтлэг шаардлага:

- Эсээний сэдвийг яагаад сонгосон үндэслэлийг гаргах,

- Эсээнд хэрэглэж буй тулгуур ухагдахууны утга санааг тодорхой илэрхийлсэн байх,

- Эсээнд гарч буй асуудлын талаар өөрийн санаа бодол, хандлагаа илэрхийлсэн байх,

- Эсээнд ашигласан амьдралын баримт, үзэгдэлд олон талын анализ хийж, түүний учир шалтгаан, үр дагавар зэргийг тодорхой гаргасан байх,

- Өөрийн дүгнэлт хийсэн байх ба цаашид юу хийх нь зүйтэй талаар тодорхой санал дэвшүүлсэн байх,

- Тогтоосон үгийн тоонд хүрсэн байх,

- Логик дэс дараалалтай бичсэн байх,

- Үг үсгийн болон найруулгын алдаагүй байх

- Тогтоосон цаг хугацаанд нь өгсөн байх гэх мэт.

Товчлол бол уншиж судалсан материалын гол санааг товч тодорхой бичиж тэмдэглэсэн бичвэр юм. Товчлолд дараах шаардлага тавигдана.

- Уншиж судалж буй материалын зохиогчийн нэр, зохиолын нэр, хэвлэсэн газар, он зэргийг тэмдэглэх,

- Уншсан зүйлээ үгчлэн хуулан бичихээс зайлсхийж гол санааг нь аль болох сайтар тунгаан бодож байж өөрийн үгээр товч бичихийг хичээх,

- Шаардлагатай гэсэн зүйлийг үгчлэн бичвэл хашилтанд хийж хуудсын дугаарын хамт тэмдэглэх,

- Товчилсон зүйлээ эргэн харж нягтлан үзэх гэх мэт.

Мэдээлэл гэдэг бол тодорхой нэг асуудлаар янз бүрийн арга хэрэглэн цуглуулсан материалын тухай нийтийн хүртээл болгохоор тусгайлан боловсруулсан материал юм. Мэдээлэл нь дараах шаардлагыг хангасан байна.

- Мэдээллийн сэдэвтэй холбоотой ном, сэтгүүл бусад эх материалыг судалж боловсруулалт хийсэн байх,

- Амьдралын тодорхой бөгөөд түгээмэл шинжтэй үзэгдэл, баримт зэрэгт дүн шинжилгээ хийсэн байх,

- Мэдээллийн сэдвээр гол, тулгуур санаануудыг тодорхой гаргасан байх,

- Мэдээллийг логик дараалалтай, эмх цэгцтэй бичсэн байх,

- Мэдээлэл хийх сэдвээр мэргэжлийн хүмүүсээс ярилцлага авч боловсруулалт хийсэн байх,

- Дүгнэлт хийж тодорхой саналууд дэвшүүлсэн байх,

- Мэдээлэл нь 2-3 хуудас байх ба 5-7 минутанд багтаж ярих боломжтой байх гэх мэт…

Санамж нь тодорхой нэг асуудлыг амжилттай шийдвэрлэхэд зориулж товч бичсэн багахан хэмжээний зөвлөмж бичвэр юм. Санамжинд дараах үндсэн шаардлагууд тавигдана.

- Сэдэвтэй холбоотой гол зүйлүүдийг товч, тодорхой, бүрэн гүйцэт бичсэн байх,

- Санамжийн өгүүлбэр бүр нэг утга санаагаар ойлгогдохоор бичигдсэн байх,

- Санамжинд буй зүйлс логик дэс дараалалтай байх,

- 1 хуудаснаас хэтрэхгүй байх гэх зэрэг болно.

Реферат бол тодорхой нэг сэдвээр онолын болон практик судалгааны үр дүнг бичгээр иэлэрхийлсэн бүтээл юм. Энэ нь дараах шаардлагыг үндсэндээ хангасан байна.

- Рефератын сэдвийг товч үндэслэсэн байх,

- Рефератын тулгуур ухагдахууны утга санааг гаргасан байх

- Шинжилгээ хийсэн байх

- Ишлэл, зүүлтийг зөв хийсэн байх

- Рефератанд авч хэлэлцэж буй асуудал сургалтын практикт ямар байгаа талаар судалгаа хийж үр дүнд нь боловсруулалт хийсэн байх

- Судалгааны үр дүнг схем, диаграмм зэргээр үзүүлсэн байх

- Рефератын эцэст үндэслэл сайтай бүрэн дүгнэлт хийсэн байх

- Рефератын сэдэв болон агуулга хоорондоо тохирч байх

- Рефератад ашигласан ном зүйг зөв хийсэн байх

- Судалгааны материалыг хавсаргасан байх

- Реферат нь хэмжээний хувьд 8-12 хуудас байх гэх мэт.

Илтгэл бол тодорхой хугацаанд хийсэн судалгааны ажлын үр дүнг товч бичсэн аман мэдээлэлд зориулсан эрдэм шинжилгээний бага хэмжээний бүтээл. Илтгэл нь дараах шаардлагыг хангасан байх:

- Уг илтгэлийг яагаад бичих болсон үндэслэлийг гаргасан байх

- Илтгэлийн тулгуур ухагдахууны утга агуулгыг тодорхойлсон байх

- Илтгэлд дэвшүүлж буй шинэлэг санааг үндэслэж нотолсон байх

- Тодорхой баримт сэлтэд дүн шинжилгээ хийсэн байх

- Товч дүгнэлт хийсэн ба түүнд шинээр дэвшүүлж буй санаанууд байх

- Илтгэлийн сэдэв ба агуулга 2 хоорондоо тохирч байх

- Нотолгооны ишлэл, зүүлтийг зөв, зохих журмын дагуу хийсэн байх

- Илтгэл нь хэмжээний хувьд 5-7 хуудас байх

- Шаардлагатай материалыг хавсаргасан байх

- Ашигласан ном зохиолын жагсаалтыг хийсэн байх

- Илтгэх чадварын бэлтгэл сайн байх зэрэг байна.

Судалгааны тайлан нь тодорхой асуудлаар зохих хугацаанд ганцаар болон хамтарч хийсэн судалгааны ажлын үндэслэл, үр дүн, дүгнэлт зэргийг агуулсан бүтээл юм. Энэ нь дараах шаардлагыг хангасан байна:

- Судалгааны сэдвийг үндэслэсэн байх

- Судалгааны ажлын зорилго, зорилт зэргийг оновчтой тодорхойлсон байх

- Судалгааны ажлын үе шат, хэрэглэсэн арга зэргийг бичсэн байх

- Судалж буй асуудал практикт ямар байгааг судлах: ажиглалт, ярилцлага, асуулга, тест гэх мэтчилэн аргыг хэрэглэсэн байх

- Судалгааны материалдаа тооны болон чанарын боловсруулалт хийж тодорхой дүгнэлтүүд хийсэн байх

- Онолын судалгаа болон практик судалгааны материалыг хооронд нь харьцуулж дүгнэлт хийсэн байх

- Тайлангийн эцэёт дүгнэлт санал зэргийг дэвшүүлсэн байх гэх зэрэг болно.

Ангийн ажил бол тодорхой нэг юмуу хэд хэдэн хичээлтэй уялдуулж хийсэн судалгааны ажлын агуулга, үр дүнгээр хийсэн бүтээл юм. Энэ нь дараах шаардлагыг хангасан байна:

- ангийн ажлын сэдвийг яагаад сонгож авснаа товч үндэслэх

- энэ сэдвийн онолын болон практик ач холбогдлыг гаргасан байх

- ангийн ажлын сэдвээр гол ном зохиолыг уншиж эдгээрт дүн шинжилгээ хийсэн байх

- ном зохиолыг судлах явцад юу шинээр авсан тухай дурдсан байх

- ангийн ажлыг хийх явцад юу шинээр хийж бүтээсэн тухай тодорхой бичих

- судлагаа хийх явцад уг асуудал практикт ямар байгааг судалгааны хэд хэдэн аргаар судалж үр дүнд нь боловсруулалт хийсэн байх

- уг асуудлын хэрэгжилтэнд дүн шинжилгээ хийсэн байх: ололттой сайн болон анхаарууштай ямар зүйл байгааг тодорхой гаргасан байх

- ишлэл, зүүлтийг зөв хийсэн байх

- эцэст нь дүгнэлт, саналуудыг оновчтой хийсэн байх

- хэмжээний хувьд 15-20 хуудас байх гэх мэт.

Дипломын ажил бол сургалтын эцэст мэргэжлийн тодорхой асуудлын хүрээнд хийсэн судалгааны ажлын агуулга, арга зүй, үр дүнгээр бичсэн бүтээл юм. Энэ нь дараах шаардлагыг хангасан байна:

- дипломын ажлын сэдвийг яагаад сонгож авснаа үндэслэсэн байх

- дипломын ажлын сэдвийн нэн чухлыг үндэслэсэн байх

- эн сэдвийн онолын болон практик ач холбогдол нь юу юу байх вэ гэдгийг тодорхой бүрэн гүйцэд гаргасан байх

- уг сэдэвтэй холбоотой гол ном зохиолуудыг судалж дүн шинжилгээ, харьцуулалт хийсэн байх

- уг асуудал практикт ямар байгааг судалж байдлыг бодитой тогтоосон байх

- судалгааны үр дүнгийн шалгуур, үзүүлэлт зэргийг үндэслэлтэй гаргасан байх

- онолын судалгаа болон бодит байдал зэргийг харьцуулж дүгнэлт хийсэн байх

- ямар асуудлыг яаж шийдсэн тухай өөрийн дэвшүүлсэн шинэ санаа, арга зам гэх зүйлийг үндэслэлтэй, тодорхой бичсэн байх

- дипломын ажлыг хийх явцад ямар зүй тогтол, зарчим, зөрчил гэх зэргийг олж илрүүлсэн тухай бичсэн байх /шинэлэг тал/

- эцэст нь үндэслэл сайтай дүгнэлт, санал зэргийг ерөнхийлөн бичсэн байх

- дипломын ажлын сэдэв болон дипломын агуулга хоорондоо нийцэж байх

- бичлэгийн соёл: үг, үсэг, найруулгын алдаагүй байх

- ишлэл, зүүлтийг зөв хийсэн байх

- ашигласан ном зохиолын жагсаалтыг гаргасан байх

- судалгаа авсан материалаа хавсаргасан байх

- хэмжээний хувьд: 50-60 хуудас гэх мэт.

Эдгээр зүйлийг оюутан суралцах хугацаандаа системтэй хийснээр өөрийн “бүтээлийн сан”-тай болох боломжтой болно. Оюутны бие дааж хийсэн ажлыг оновчтой үнэлж дүгнэх нь түүнийг идэвхжүүлэх чухал хөшүүрэг юм. Үнэлгээ бодитой байхаас гадна оюутанд сургамжтай өөрийнхөө бүтээлийг өөрөө үнэлэн алдаа, оноогоо өөрөө олж засч залруулах ухаантай болгох нь чухал. Сургалтын өнөөгийн практикт оюутан нь бие даасан ажлыг зөвхөн багшид үзүүлж дүн авахын тулд хийх хандлага ажиглагддаг. Энэ нь мэргэжилтэн-бие хүний төлөвшилд тийм ч таатай бус үр дагавартайг анхаарах хэрэгтэй.

start=-28 , cViewSize=50 , cPageCount=1

6 сэтгэгдэл:

тэнэг, мангар, эргүй, хачин амьтан, мэдрэл
сарнай (зочин)

үнэхээр хэрэгтэй зүйл нийтэлжээ баярлалаа

Төрөө (зочин)

mash ih bayarlalaa biye daalt hiih geed yaj hiideg yum boloo gej bodoj btal tanaa blog ih tusallaa

gundegmaa (зочин)

Hi bayrlalaa mdehgui bsn ymaa mdej awlaa amjilt oshoo olon heregtei medeelel ogch baigaarai

gadas (зочин)

Ikh zugeer um baina shuu. ouytan, bagsh nart mash chuhal sedevuudeer medleg, medeelel ugdug um bainaa. bayarlalaa

gadas (зочин)

Ikh zugeer um baina shuu. ouytan, bagsh nart mash chuhal sedevuudeer medleg, medeelel ugdug um bainaa. bayarlalaa

М (зочин)

mash ih bayrlalaa heregtei medeelel bn

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)